Thursday, October 28, 2010

Зургаагийнхан (Өгүүллэг) - Т.Бум-Эрдэнэ


“Хүний хувь тавилан гэж хачин юм даа. Ямар аз нь хаячихсан амьтан гэхээрээ ийм юм сонсох нь энэ вэ? Ингээд нэг л өдөр хараагүй болчих юм гэж үү? Би тэгээд яах юм болж байнаа. Яаж алхаж гишгэж, яаж урдах ардахаа мэдэрч . . . яаж . . . яаж . . . мэдэхгүй ээ мэдэхгүй. Хорвоо ингээд л хөмөрчих юм гэж үү? Анх төрөхдөө л хараагүй байсан бол тийм ч хэцүү биш байх. Гэтэл орчлон ертөнцийн сайхныг өөрийн дураар харж явсан хүн гэнэт хараагүй болно гэж бодохоор даанч нэг санаанд багтахгүй юм. Ямар гээчийн ад зэтгэр намайг баглаад авах нь энэ вэ. Хараагүй байснаас гаргүй, хөлгүй эсвэл бүр хамаргүй байсан нь дээр. Үгүй ээ үгүй, бүүр үхсэн нь дээр” хэмээн би гашуун бодолдоо дарагдаж, хөл доорх газар өөрт нь огт хамаагүй мэт энд тэнд гишгэлэн явлаа. Өндөр нуруу, ханхар цээж, хүрэлгэр царайтай намайг хэн ч харсан ийм гачланд уначихаад яваа гэхээргүй. Гэхдээ амьдрал гэдэг нэг ааш нь хөдлөөд, нүүрээ буруулахаараа хэнийг ч ялгадахгүй юм даа хөөрхий. Хараагүй болохоор чухам ямархуу байх бол гэж санахдаа хоёр нүдээ анин хэд алхаж үзэв. Орчлонгоос тэр дороо тасарчих нь тэр. Нүдээ дагаад чих маань ч сонсохгүй болчихов уу гэмээр санагдлаа. Таг харанхуй шөнөөс ч долоон дор юм гээч. Шөнө ч гэсэн нүд аажимдаа дасаад ирдэг. Тэгээд ч хэзээ нэгэн цагт үүр цайж, гэгээ орно гэсэн итгэл найдвар байдаг шүү дээ. Харин дахиж хэзээ ч юм харахгүй гэж бодоод нүдээ анихад амьдрал тэр чигтээ дуусчих шиг санагдана. Би нүдээ нээгээд цааш алхлаа. Эргэн тойрноо харна гэдэг нэг л хайр хүрэм. Харахын утга учир гэдэг ондоо ажээ.

“Тиймээ, нарны туяа, гэгээн өдрүүд, гудамжаар тоомжиргүйхэн алхах хүмүүс гээд ерөөсөө энэ бүгд миний хот, миний орчин, миний амьдрал. Ийм л байх ёстой. Харагдаж байгаа юмс бүхэн минийх гэдэгт хамаарч болдог ажээ. Гэтэл би энэ бүгдийгээ харахгүй болчих гээд байдаг” гэсэн урвагар бодолд дарагдан явснаа би гэнэтхэн сэхээ авч
“Ингэхэд би одоо юугаа бодоод байнаа. Одоогоор яг ч хараагүй болчихоогүй байна. Эмч юу гэлээ? Энэ хагалгаанд цагтаа орж амжихгүй бол цаашдаа хараагүй болж магадгүй л гээ биздээ. Гэтэл би үхэж хагацахдаа тулчихсан явдаг. Хариугүй ч юм болдоо” гэж бодон сэтгэлээ хүчээр сэргээлээ. Гэхдээ л “хараагүй болчихвол яанаа” гэсэн айдас надаас бүрэн салсангүй. Энэ бодол намайг орхин одох өдөр чухам хэзээ юм бол . . .

Том хотын нүргээнт гудамжнаас нэг их холгүй ч гэлээ тэрүүхэндээ буйдхан газарт таван давхар саарал байшин нүүгэлтэн орших бөгөөд түүний том модон хаалганы нугас хуурайшиж аргасан хоолойгоор хүч мэдэн дуугарах адил чихэнд чийртэй нь аргагүй чийгтнах авч олны дуу чимээнд үл анзаарагдана. Гагцхүү үйлтэйгээрээ хаалганы модон самбар л орж гарах хүмүүсийн аясаар нааш цааш саван өөрийнхөө элэгдэж хуучирсан модон хүрээг хайр найргүй балбана.
Уг саарал байшинд жаргаж цэнгэсэн хүн цуглах нь үгүй. Учир юунд вэ гэвэл энэ бол улсын төв эмнэлэг. Доороосоо эхний хоёр давхар нь нилээд их хөл хөдөлгөөнтэй байх агаад түүнээс дээшлээд ирэхээр зөвхөн хэвтэн эмчлүүлэгч нар байх тул хүний хөл татарч, чимээ шуугиан намсана.
Давхаруудад зүрхний, эрүү нүүрний, бөөрний гэх мэт өвчнийхөө ангилалаар тасгууд байх бөгөөд гуравдугаар давхарын нэгэн жигүүрт байрлах тасгийг нүдний тасаг гэнэ. Тасгийн өвчтөнүүд эрэгтэй эмэгтэй болон өвчнийхөө хүнд хөнгөнөөр ангилагдан хэд хэдээрээ тасалгаанд хуваагдан хэвтдэгийг хэн хүн мэдэх байлгүй дээ. Үүнийг палад гэх орос үгээр нэрлэх боловч бид ийн нэрлэж хэрэглэсээр монгол үгсийн санд орчихож дээ.
За тэгээд найман паладтай энэ тасгийн мухраасаа гурав дахь хаалган дээр нэгэн бүдэг бадагхан сүүмийх пайзыг сайн харвал тэнд ”палад-6” гэж харагдана. Угаас эмнэлэг юм болохоор тэр үү хаалга цонх хана туурга гээд бүгд цагаан өнгөтэй. Бодвол цэвэр цэмцгэр харагдуулах гэсэн нь тэр байх. Хэдийгээр асрагч нар ээлж болгондоо арчиж цэвэрлэх авч цагийн аясаар цагаан будагны өнгө хүртэл бүүдийдэг нь жам. Жилийн жилд будаг нэмэхдээ хаалганы дугаарыг хальт мультхан будсаар уг пайзыг харагдахтай үгүйтэй болгочихсон нь тэр. Гэхдээ өвчтөн болон эмч, сувилагч гээд энд байгсад хэдэн хаалганыхаа дугаарыг албан ёсны бичиг цаасан дээр л тэмдэглэх үү болохоос үнэндээ бол тэдгээр пайз нэг их хэрэгтэй эд биш л дээ. Хэрэгтэй бол тэд аль ч палад руу бараг зөндөө хөтлөгдөөд шахуу очиж чадна. Үхэр мал ч гэсэн дээ ус бэлчээр, хашаа саравч руугаа нэгэн жимээр явчихдагтай агаар нэг юм л даа.
Нүдний зургадугаар палад буюу бидний мэдэх болсон өнөөх хаалганы цаана пүрш нь сунасан зургаан ор, эвгүйхэн татвал уначихаж мэдэх зургаан цагаан шүүгээг сөөлжүүлэн тавьсан харагдана. Зарим нэг нь догонцдог бололтой дөрвөлжин эвхсэн цаас юмханаар хөл доор нь ивээс хийсэн нь эв дүй муутайхан харагдах боловч дээр нь тавьсан цай хоолыг цалгиулаад байхгүй тул үүргээ гүйцэтгэж байна л гэсэн үг.
Миний хэвтэх ёстой газар энэ эмнэлэг, тэр тусмаа энэ зургадугаар палад. Би палад руу орохоосоо өмнө нэг их гүн амьсгаа авч байсан юм даг. Бодвол энд иртлээ бодсон бодлын сүүдрээс болсон хэрэг байх. Би урд нь ганц нэг эмнэлэгт хэвтэж байсан боловч ингэтлээ түгшиж, ингэтлээ олныг бодож, өөрийгөө зовоож байснаа үл санана. Намайг ороход өрөөний хоёр ханаар нь гурав гурван ор байсан бөгөөд нэг талын гурван орон дээр надаас дүү хүмүүс, харин нөгөө талын гурван орны хоёр дээр нь хоёр өвгөн үлдсэн ганц ор нь минийх болох нь тодорхой байлаа. Тэд намайг анх харуутаа яг л ямар нэгэн шинэ сонин юм харж буй мэт болох боловч бас ч гэж түүнээ мэдэгдэхгүй гэсэн шиг дор бүрнээ дуугаа хурааж бүүр гэм хийчихсэн хүүхэд болцгоох нь хүний бас л нэг сонин чанар. Миний хувьд ч гэсэн тэднийг хараад тийм ч аятайхан байгаагүй. Учир юунд вэ гэвэл тэд бүгд өрөөсөн нүдээ боосон байсан бөгөөд олон хүмүүс өрөөсөн нүдээрээ зэрэг шахам харах нь бас тийм ч сайхан зүйл биш шүү дээ. За тэгээд хичнээн эвгүй байсан ч энэ ертөнцийн зовлон нэгтүүд хэзээд бие биенээ ойлгодогийн адилаар бидний цэрвээ ч гэсэн төд удалгүй арилж, хоорондоо танилцах нь мэдээж биз. Эрчүүд хүүхнүүдээ бодвол энэ тал дээр арай хурдан ч байж мэдэх юм.
Миний хэвтэх ёстой талын захын орон дээр нилээд өндөр ёхигор хөх өвгөн хэвтэнэ. Нэрээ Пэлжээ гэж их л цовоо танилцуулсан тэр өвгөн залуудаа эр хар махтай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй байсан байж болохоор. Ахмад дайчин тэрээр Байтаг богд, Алтай таван богд, алс баруун хязгаарт Гоминданы болон Османы хилийн хулгайч нартай өөрийнх нь ярьснаар бол ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан, нилээн яриасаг нэгэн ажээ. Гэнэт нэг өглөө л баруун нүд нь бүрэлзээд холын юм харахаа байж, тэр ч бүү хэл хэдэн мялангаа ч үзэхээ байсан тул түүнийгээ эмчлүүлэх гэж ирсэн эр. Мялан гэдэг нь хэдэн үхрээ хэлсэн байх.
Дунд талын ор нь минийх байж таарав. Нөгөө захын орон дээр нилээд махлаг хөдөлгөөн удаан, үгээ зөөж ярьдаг гонзгой улаан хүн хэвтэнэ. Нэр Чойнхор. Тэр угаас үсгүй халзан. Гэхдээ бүр гялгар халзан. Халзангаас гадна түүний толгойны хачин этгээд шоовон хэлбэр нь бусдын сонирхолыг татахгүй байхын аргагүй. Ялангуяа Пэлжээ гуай энд хэвтсэн өдрөө түүнийг хараад, гайхахдаа дуу алдсан гэдэг. Одоо ч гэсэн өглөө болгон Чойнхор гуайн толгойг харж ганц нүдэнд нь чөтгөрт гижигдүүлсэн мэт хүн шоолохын ад гийсэн гэрэл цовхчидог нь хэвээрээ.
Чойнхор хаа нэг арц хүж уугиулж, элдэв үнэр тараасан хэргээр асрагч сувилагч нарт загнуулах боловч засрана гэж үгүй. Амандаа юм гуншин гараа магнайдаа авч харагдах нь олонтой. Гэвч тэрийгээ хүнээс их нууна. Арга ч үгүй юм байх. Ичдэг үү, эсвэл эмнэлэгийн газар болохоор цааргалдаг ч байж болох юм. Тэрээр хоёр нүдэнд нь цагаан унасан учир юмс үзэгдэхээсээ бүрэлзэх нь их тул түүнийгээ авхуулах гэж иржээ. Тэрээр хэдэн хүүхдийн заяа хаячих нь гэж баймгүй юм даа гэж үглэх үе ч бий.
Нөгөө талын гурван орны эхнийх дээр өндөр туранхай залуу хэвтэнэ. Нэр нь Соронзон. Хорвоогийн хамгийн азгүй залуу гэвэл Соронзонг хэлэхэд нэг их зөрөхгүй. Модны үйлдвэрт ажилладаг тэрээр, тэр их үртэс зоргодосон дунд шөнө өдрийн аль ч ээлжинд нойртой нойргүй зүтгэж явахдаа хааяа нэг гарт нь өргөс орохоос өөрөөр гэмтэж яваагүй юм. Харин тэр хоёр долоо хоногийн өмнө ажлынхаа хамт олонтой зугаалж явахдаа цехийнхээ хэдэн хүүхнийг голын тохойд усанд орж байхыг бургасан дотроос харж суутал гэнэт нэг хүүхэн нь
- Хүүе ээ яанаа. Тэнд нэг хүн биднийг хараад байна шүү дээ. Хэн бэ тэр одоо? гэж хашгиран хамгийн боломжтойгоор нь хоёр гараараа нүцгэн цээжээ дарсан аж. Бусад газраа чухам яасныг бүү мэд. Тэр нь ч надад юуны хамаа байхав. Гэтэл Соронзон хүү ичсэн үү, цочсон уу нуугдаж байсан бургасан дотроосоо гарах гэж ухасхийхдээ нэг муу доёгор мөчирт өрөөсөн нүдээ хатгачих нь тэр. Үнэхээрийн харамсамаар бөгөөд эмнэлэгт хэвтсэн шалтгаан нь энэ. Мод зүсэж, хөрөөддөг болохоор нь түүнээс байгаль хариугаа авч байгаа юм гэж хожим нь манай Чойнхор гуай хэлсэн. Харин би тэгж хэлээгүй нь аз юм. Тэгвэл тэр залуу хүнийг маш муухайгаар доромжилсон болохыг би мэдэлгүй яахав. Чойнхор гуайд бол хүн гомдохгүй л дээ. Ер нь үг эзэндээ зохино гэж байдаг юм чинь дээ.
Дунд талын орон дээр нэг хүн хэвтэнэ. Бас л залуухан хүн аж. Юм л бол нүүр гараа байн байн угаах түүнийг Пэлжээ гуай
- Угаавч уг нь хар гэж үнэн юм даа гэж шоолох нь элбэг. Үсээ байдгаар нь самнах Харнүдэн хэмээх сонин нэртэй өрөөсөн нүд хазгайдуу түүнийг бусад нь дамшиглаад л тэгж нэрлэсэн юм байх гэж бодсон чинь үнэн байсан шүү. Ёстой л Пэлжээ гуайн хэлдгээр бурхан түүнийг зурж суухдаа түрхэн зуур дугхийсэн юм байлгүй нэг нүд нь хазгай төржээ. Гэхдээ Харнүдэн өөрөө бол сэтгэлийн хөг чангатай, яриа хөөрөө элбэг дэлбэг, ямагт өөдрөг байдагтаа тэр үү хөгжилтэй сэргэлэн нэгэн. Тэр хэрээрээ бусдыг хөгжил баясал руу хөтлөн дагуулагч мэт надад хааяа санагддаг байсан юм. Тэрээр энэ тасагт гоо сайхны мэс засал хийлгэж, нүдээ тэгшлүүлэн жинхэнэ “Харнүдэн” болохоор ирсэн байлаа. Бусдыгаа бодвол эрүүл гэсэн үг л дээ.
Хамгийн захынх буюу зургаа дахь орон дээр нилээд бахим биетэй зузаавтар бор залуу хэвтэнэ. Бас л өрөөсөн нүд нь боолттой. Би түрүүн хэлсэндээ энэ палад битгий хэл энэ тасгийнхан ихэнхи нь өрөөсөн нүд нь ямар нэгэн юмаар дараатай байдаг нь бусад тасгийнханыг бодвол жаахан эвгүй. Хонгилоор явцгаахдаа мөргөлдчих гээд ер нь л эвгүй шүү. За тэгээд нөгөө залуугийн нэр бол Шоовой л доо. “Анх ирсэн шөнөө бодвол их зөөлрөөд байгаа юм” гэж хоёр өвгөн нэгэн зайндаа надад шивнэсэн юм. Тэр үедээ их л ширүүн байсан юм байх. Түүний амнаас “хуц” гэдэг үг сална гэж үгүй. Харахад ширүүн дориун дүртэй Шоовойд энэ үг нь зохиод ч байх шиг. Учир юу вэ гэвээс энэ нь түүний амны уншлага болсон үг. Тэрээр асуух, хариулах, дэмжих, үгүйсгэх, тэр бүү хэл уулга алдахдаа хүртэл дээрхи үгийг ая данзийг нь тааруулан хэлэх нь гайхалтай. Анх энэ паладанд Харнүдэн орж ирээд хазгай мурий харж байснаа
- Сайн байцгаана уу? Намайг Харнүдэн гэдэг гэж нүдээ солибуулан байж хэлэхэд Шоовой
- Хуцваа гэж дуу алдсан гэдэг. Энэ нь хачин нүдтэй тэр этгээдийг тоглож байна гэж ойлгосон хэрэг. Эдгээр хүмүүс дээр намайг нэмээд биднийг зургаагийнхан гэнэ.
За тэгээд эмнэлэгт хэвтэгсэд эхлээд өвчин шаналалдаа тэр үү баахан дуу муутайхан байснаа бие нь илаарших тусам дуу шуу орж, маазарч марсайлдах нь ихэсдэг нь жам. Хумс хуруугаараа оролдож, үг хэлээ билүүдэх нь уйдагсдын зан шүү дээ. Тэр дундаа зургаагийнхан бол бүр зартай.
Ер нь хүний бүх л эрхтэн эмзэг ч гэлээ түүний дотор нүд гэдэг юмс үзэгдлийг харах гэдэг утгаараа сэтгэлд шууд нөлөөлдөг эмзэг эрхтэн тул үүгээр өвчлөгсөд айхтар сэтгэлээр унах талтай ч нэгэнт нүүрлээд ирсэн зовлонг хүн давж л гарах учиртай.
Цугаараа л гадаад ертөнц рүү нэг нүдээрээ харах бид харин дотоод сэтгэлийн гүн рүүгээ нөгөө нүдээрээ харж, бодол болон хэвтэх нь үүний илрэл байх. Ийм үед манай өрөөнд зүрхний гүнээс хөвсөлзөх гунигийн манан суунагладаг гэж байгаа. Гэхдээ зургаагийнхан гэдэг цоглог эрчүүд юм болохоор хөгшин залуу гэлтгүй хүүхэн шуухан ярьж, түүндээ хөгжин марсайтал инээлдэнэ. Бас бие биенээрээ даажигнан тоглоно.
Нэг өдөр уйдсан хоёр өвгөн юухан хээхэн ярьж хэвтэв. Мэдээж би болоод бусад нь чагнаж байгаа. Гэтэл Чойнхор
- Пэлжээ, чи чинь Гоминданыхантай байлдаж явлаа гэв үү?
- Өө тийм. Тэр үед ч хэцүү байсан цаг даа. Өөрөө ч зах зухаас нь сонсоо байлгүй дээ гэхэд Харнүдэн нүдээ эргэлдүүлэн
- Та цэрэг байсан уу? Дарга байсан уу?
- Цэрэг ч байлаа, дарга ч явлаа гэж ганц нүдээ зальтай ч юм шиг эргэлдүүлэн инээмсэглэв.
- Та хүн алсан уу?
- Тэгэхгүй тэгээд тэднийг яах юм болж байна гэж ихэд баатарлаг царайлах нь даана ч нэг бардам.
- Та хэдэн хүн алсан бэ?
- Өө, тамтаггүй олон. Тоймоо алдсан. Бараг тав зургаан зуу хүрээ биз. Би чинь пулемётчин байсан болохоор өвс хяргаж байгаа юм шиг л хядна шүү дээ гэхэд миний инээд хүрч л суулаа. Баримт юманд бол тэдгээр хилийн хулгайч нар нийтдээ таван зуу хүрсэн эсэх нь тодорхой биш. Мань хүний яриагаар бол Пэлжээ гуай ганцаараа л хядчихсан бололтой. Тэгтэл Чойнхор
- Тэгвэл ч аргагүй л юм байна даа гэж санаа алдах нь Пэлжээг гуайг их л өрөвдөж буй бололтой сонсогдов.
- Юу арагагүй гэж? гэж Пэлжээ гуай асуухад
- Чиний нүгэл чинь нүдээрээ гарч байгаа болоод л энд ирж дээ гэж гараа залбирах байдал үзүүлэн том ламын дүрд хувиран хэлэв. Бид ч гэсэн түүний үгийг дэмжсэн мэт тэрхэн зуур чимээгүй болцгоолоо. Үгээр ялимгүй ялагдсан Пэлжээ жаахан бодолхийлсэнээ
- За би ч яахав. Эх орноо хамгаалсан. Угтаан бол хүн алсан гээд нүгэл нүдээрээ гарч байгаа юм байж. Чи чинь бурхан номын хүн баймаар гэтэл харин яасан болоод энд яваа юм? Чиний юүг нүдээрээ гарч байна гэж ойлгох вэ? гэтэл манай палад тэр чигтээ доргих шиг болов. Хахаж цацатлаа инээсэн Шоовой нулимсаа арчингаа
- Хуцсаан ёстой гэж дуу алдав. Соронзон хэтэрхий их инээсэндээ нүднийхээ оёдолыг хөндөв бололтой нүдээ дарж
- Ёо ёо. Боль боль үхэх нь гэж суув. Би ч бас зүгээр байсангүй гунигаа гээтэл инээсэнсэн. Тэгж инээж суухдаа сүүлийн хэдэн сар ингэж инээснээ санаагүй. Хүн ямар нэгэн гэрэл гэгээг гаднаас биш зөвхөн өөрөөсөө л олж чадах юм байна даа гэж би тэр үед бодож байлаа. Маданд орсон Чойнхор гуай хүртэл өөрийгөө шоолон ээрч мууран инээж байсан юмдаг. Магадгүй хүн шоолсон нь тиймхэн байж болох ч энэ бол цагаахан инээд байлаа.
Нэг өдөр биднийг бас шуугицгааж байтал сувилагч жижигхэн тэргэнцэртэй эм тариагаа түрсээр орж ирээд
- Юун их дуу шуу вэ? та нар чинь. Танайхан нээрээ арай дэндүү юмаа. Бусдыгаа бодоход яадаг юм гэж уурссан хэдий ч хахаж цацан инээх биднийг хараад ааш нь зөөлрөв бололтой
- За тариандаа гэлээ. Подхийсэн хөөрхөн махтай хирнээ богинохон цагаан халаадыг жадайлгасхийн өмссөн нь түүнд сүрхий зохисон харагдана. Албаар эсэх нь мэдэгдэхгүй ч энгэрийнхээ товчийг мулталсан тул хоёр хөх нь булталзаж өрөөнд байгаа өвчтөнүүдийн үлдсэн ганц нүдийг өөрийн эрхгүй татна. Хоёр нүд зэрэг хөдөлдөгийн гайгаар өвчтэй нүд нь эрүүл нүдээ даган хөдөлж хөндүүрлэн зовоох тул үл ялиг дуу алдах нь элбэгшинэ. Сувилагч тэргэнцэрийнхээ хаа нэгтэйгээс ямар нэгэн юм авах гэж гэдэлзэж годолзох нь ихсэх тусам тэдний нүд төдий чинээ хөндүүрлэнэ. Тэгтэл Харнүдэн тариулах гэж өмдөө доошлуулах зуураа
- Миний бөгсийг харах гээд л яараад байна уу? гэхэд сувилагч
- Хүнд үзүүлчих юмтай бол ч бас яахав. Энэ ямааны гуя шиг юмыг чинь хүн ер нь харах гэж яарах уу? гээд хонгоных нь махыг сайн гэгч нь чимхэж байгаад нилээд ширүүхэн тарьж орхив. Харнүдэн орь дуу тавин бөгсөө үрчинэ. Бодвол нилээн өвдсөн бололтой.
- Яасан? үхэх нь үү? Чамайг ер нь эр хүн гэх үү? Эр хүн гэдэг чинь арай өөр юм байдаг байх аа. Чам шиг эр хүний акуркаар эгч нь одоохондоо арай дутаагүй л байна гэсээр гарч одлоо. Тэгтэл араас нь Соронзон ухасхийн гарав. Харин Чойнхор гуай тэндээс
- Хүүхээ чи юм л бол илүү үглээд бай. Тэгэхээр ингэдэг юм гэж Харнүдэнд сургав. Пэлжээ гуай залгуулан
- Та нар залуу улс байж энэ зэргийн хүүхний учрыг олчихож чаддаггүй ээ. Муу л байна даа. Жаахан залуухан байсан бол ч . . . гээд уруулаа шилэмдэхэд Харнүдэн
- Одоо хөгшдөөд байх юү байсан юм. Үзээд алдаач гээд инээвхийлэн ганц нүдээ алаглуулахад
- Хн! Энэ хүүхэн ч тарган цатгалан амьтан харагдана. Аягүй бол хөгшин би пологтож үхэх байлгүй гэхэд паладаар нэг инээд. Шоовой тэндээс
- Хуцаад байгаа ч ээ та нар. Нүд өвдөөд үхэх гэж байхад хамаг юм таталдуулаад байх юм гэж нүдээ даран орон дээрээ өнхөрсөн хэр нь инээд алдсаар байв. Эмнэлэгт олон сувилагч охид байдаг боловч энэ охиныг онцолж ярьдагийн гол учир нь манай Соронзонгийн сэтгэлийг үймүүлж чадсанд байгаа юм шүү дээ.
Соронзон маань орж ирээгүй л байлаа. Өрөөний залуусын ярьсанаар бол Соронзон тэр сувилагч хүүхэнд талтай юм байх. “Бие хаагаар ч, хэл амаар ч хэнээс ч илүү мэт санагдах тэр сувилагч бүсгүй, Соронзон хэмээх донж доройхон өрөөсөн нүдтэй энэ залууг хэзээ ч тоохгүй байхаа даа” гэж би боддог байв. Гэвч Соронзонгийн уйгагүй хичээн чармайлт нь нэр шигээ хүнийг өөртөө татах увидастай юу, тэр бүсгүйн хайрын товч тийм мөчидхөн байсан уу ямартай ч гэсэн тэр хоёр маань энд тэнд цугтаа зогсож харагдах нь ихсэх болсон юм. Магадгүй тэд маань цаашдаа хань ижил болохыг ч үгүйсгэхгүй.
Ийнхүү бид хэдийн зарим нь нүдтэй болж баясаж баярлаж, зарим нэг маань нүднээсээ салж гуниглан гансарч өдөр хоногийг өнгөрөөж байсан ч гэсэн тэдний хэн нь ч над шиг “энэ хорвоог орхичих юмсан” гэсэн бодолтой байгаагүй юм. Үгүй ээ байгаагүй ч гэж дээ яг өвдсөн тэр даруйдаа хэн юу гэж бодож байсныг би яаж мэдэхэв дээ. Гэхдээ тэднийгээ би тийм муу бодолд ороогдож байгаагүй л гэж итгэдэг юм. Итгэхээс ч өөр аргагүй сайхан хүмүүс дээ.
Хүний орчлон юм болохоор сонин хачин зантай хүн хаа нэгтэй заавал байх юм даа. Бид хэдийгээр өвчтөн ч гэсэн хэрэндээ бас цэвэр цэмцгэр суух гэж ээлж ээлжээр жижүүр хийх юм болов. Жижүүрсээд байх юм байхгүй л дээ. Хэн нэгнээс эргэлт ирвэл түүнийг нь зургаан аяганд хувааж хийдэг ажил л даа. Аан тийм, бас зургаан аягаа угаана. Нэг өдөр Харнүдэнгийн ээлж тааран хоолоо тарааж явтал хонгилд хачин жонгиносон дуугаар инээх сонсогдов. Соронзон түүнийг сонсоод
- За нөгөө “Илүү” чинь ирж явна гэв. “Илүү” хэмээх хочтой энэ хүнийг тэр таван давхар саарал байшингийнхан андахгүй. Чухам аль тасагт хэвтдэг болохыг нүднийхэн, тэр тусмаа зургаагийнхан бол бүр мэдэхгүй. Түүний орсгой шүд, ёнхигор царай, нүхэлчих нь үү гэмээр шүлэнгтсэн хэрнээ шооч харц, учиргүй нарийхан хүзүү, урт ирүү гээд түүнд заяасан болгон цаанаа нэг эвгүй. Сэмхэн сэмхэн явах тэрээр хаалга аажуухан онгойлгоод эхлээд ирүү нь, тэгээд хамар нь, нүд нь гээд бүх эрхтэн нь тусдаа юм шиг цуварч орж ирэхийг хараад жихүүцэхгүй хүн ховор. Хичнээн жихүүцсэн ч гэлээ хажиглаад байж болдоггүй хачин хүн байв. Яагаад ч юм тэр намайг юм хэлэхээр тэгэс ингэс гээд гараад явчихна. Манай хэд “Илүү танаас л нэг жийрхэх юм даа л” гэнэ. Тэгэхээр би өөрийгөө ямархан амьтан болохоо гадарлахгүй л яваа юм. Тэр өдөр харин сэмхэн орж ирсэнгүй. Хонгилоор нэг дуу шуу болсоор орж ирээд
- За цөөхөн нүдэтнүүдээр юу байна даа? хэмээн орилов. Энэ нь бидэнд яаж олигтой сонсогдов гэж дээ.
- Хуцаад байгаарай гэж Шоовой дургүйцэхэд тэрээр жин жин инээж
- Яасан хөндүүр газрыг чинь чичиж орхив уу? гэж хоржоонтой инээгээд Харнүдэнгийн хийж байгааг харж
- Аанхаа! эргэлт ирээд л . . . булагнаад л . . . гэж үгээ сунжруулсанаа
- Би мэдсэн юмаа хи хи хи гэж зэвүүн инээхэд Чойнхор гуай
- Чи ер нь ямар өвчнөөр хэвтсэн хүүхэд вэ? Эр эм нь ч мэдэгдэхгүй, эрүүл өвчтэй нь ч ялгагдахгүй, орохгүй гарахгүй газар ч байхгүй нэг хачин сүг сүүдэр шиг л хүн явах юм гэх нь ихэд эгдүүцэж буй бололтой
- Яасан лам гуай? Дүүгээ нэг л илүү үзээд байнаа даа? Таныг бас сэмхэн юм хум үзээд, ном уншаад байдаг тухай энэ эмнэлэгээр л нэг ярих юм. Хүн мунхруулаад байгаа хүнийг гадуур бас хайгаад л байдаг сурагтай хи хи хи гэх нь хэн хүний голд хүйтэн зураа татуулна. Шашин номыг хорьж байсан цаг болохоор чамайг матна шүү л гэсэн санаа шүү дээ. Ер нь тэр цагт иймэрхүү хүмүүс хүн зоны дунд шигдэн нуугдаад бусдыг гоочлон зовж шаналахыг нь үзэн, түүндээ сэтгэлийн ханамж аван амьдарч байсан шиг байгаа юм. Тийм хүмүүс хэдий хоёр нүдтэй ч юм бүхнийг ганц нүдээр шагайж явдаг байсан байх. Тэрээр цааш нь
- Нээрээ! Шоовой та хоёр нэрээ сольчихвол зүгээр юм биш үү гэж Чойнхор өвгөний толгойн хэлбэрийг дайруулан хэлэхэд түрүүнээс хойш дуугайхан суусан Шоовой ухасхийн босоод түүнийг бариад авах тэр мөчид би дундуур нь орж амжсан юм. Тэгэхгүй бол хор шартай Шоовой хэнийг ч гэлээ дэлсээд авахаас буцахгүй. Түүний өрөөсөн нүд нь хилэгнэн дүрэлзэж, хамар нь сарталзан байв. Харин Илүү намайг дундуур нь орсон болохоор юу юугүй зодуулчихгүйгээ мэдэн омгойтож, мөн л нөгөө зэвүүцмээр жонгиносон дуугаараа
- Хи хи хи ахыгаа зодох нь уу? Хуультай л байхдаа гэхэд би хүртэл тэсэлгүй
- Чи ер нь яасан их хүн хүний шар малтаж, эрхтэн дутуу хүмүүсийг эрээ цээргүй доромжилж явдаг хүн бэ? Одоо орж ирсэн хэрэг чинь бүтсэн бол гарч болох уу?Аль эсвэл би чамд туслах уу? хэн нэгнийг дуудах ёстой юу? гээд сээрэн дээрээс нь базсан чигээрэ хаалгаар түлхэн гаргалаа. Миний уур хичнээн хүрч байсан ч гэсэн түүнийг цохиод авахгүйгээ мэдэж байлаа. Харин манай Шоовой бол яаж ч мэднэ. Би тэр хүнийг тэгтэл их муу хүн гэж мэдэхгүй ч гэсэн ерөөс тэрийг харах тоолонд надад олигтой сэтгэгдэл төрж байгаагүй юм.
Түүнийг гарсанаас хойш манайхны инээж наргиж байсан тэр сайхан агшин нэг хэсэгтээ л үгүй болж, нам гүм болчихож билээ. Хаа явсан газраа хар санаа, хий хор тарааж явдаг ганц нэг хүн байх л юм. Гэхдээ тэд ховор л доо. Тиймдээ ч хорвоо ийм сайхан байдаг байх.
Манай Шоовой бас дурлав. Дурлал ч юмуу, шохоорхол ч юм уу мэдэхгүй дээ. Ямар ч байсан манайхан дурлал гэж нэрлэсэн юм. Гэхдээ Соронзон шиг сувилагчид биш л дээ. Тэр бүсгүй нь нөгөө паладны өвчтөн байсан юм. Нэг өдөр Шоовой
- Дөрөвдүгээр паладанд нэг хөөрхөн охин иржээ. За тэрийг л өөрийн болгохгүй бол Шоовой чи хэний хүү болох бол доо гэж их л бардам маягаар ярих нь тэр. Уйдаж суусан бидэнд маш сонин юм болох нь тэр шүү дээ. Харнүдэн шууд л ухасхийн босоод
- Би очиж харчихаад ирье гээд гараад алга болов. Соронзон Шоовойн орон дээр очиж зэрэгцэн суув. Би хэвтэж байснаа орон дээрээ хагас өндийв. Харин хоёр хөгшин тохойлдосхийн хажуулдаж Шоовойн зүг харцгаасан юм. Тэгтэл Чойнхор гуай
- Насны онцлогоо гэж сонин юм шүү гэж нухацтай ч юм шиг хэлэхэд нь би
- Юун насны онцлого? гэж түүний чухам юун тухай ярьсаныг ойлгоогүйгээ илтгэж асуухад
- Аан! Тэр яахав. Эднийгээ бодвол чиний нас жаахан наана юм байна. Тэгж байгаад ойлгоно биз гээд чимээгүй болчихов. Шоовой нэг охиныг харсан гэх сургаар бидний хийсэн үйлдэл, хөдөлгөөний тухай ярьж байсан юм байна гэж би нилээд хожуу ойлгосон юм. Нээрээ л бодоод байх нь ээ, Харнүдэнгийн гарч гүйх, Соронзон түүний ор луу очих, миний өндийж суух, хоёр хөгшний хажуулдах энэ үйлдэл яг л насны онцлог байсан юм даа. Энийг хүртэл ажиглаж амждаг мөн лут байгаа юм шүү.
За тэгээд Соронзон Шоовой хоёр маань өрөөндөө тогтох нь ховордож эхэллээ. Дурлал гэдэг бүтээд, болоод ирэхээрээ аятайхан ч бүтэхгүйгээ тулахаар бас ч гэж тиймхэн шүү дээ. Учир юунд вэ гэвэл Соронзон маань ихэд амжилттай байгаа нь бидэнд мэдэгдэж байв. Нөгөө хэлэмгий доломгой сувилагч маань өдөр ирэх тусам зөөлөрч, манай өрөөнийхөнд элгэмсүү болж байлаа. Заримдаа Соронзонгийн орны хөлд хэсэг хугацаагаар сууж бидэнтэй марзагналдаж байгаад гардаг болов. Харин Шоовой маань нэг их сүрхий гүйгээд байснаа сүүлдээ өрөөнөөсөө гарахаа болих тийшээ хандах нь тэр. Энэ нэг л болсонгүйдээ гэдгийг бид дор бүрнээ гадарлаж байсан хэдий ч асууж зүрхэлсэнгүй. Хээ шаагүйгээрээ Пэлжээ гуай л нэг өдөр
- Шоовой хүүхээ! Чи нэг охины тухай яриад л . . . Бас ч гэж ам гараад байгаагүй билүү? Тэр ер нь юу болов оо? гээд асуугаад тавьчихлаа. Энэ удаа бид анх сонссон шиг ээ үйлдэл хийсэнгүй. Гэхдээ хүн бүрт сонин байгаа нь мэдээж болохоор дор бүрнээ чимээгүйхэн хүлээж хэвтлээ. Тэгтэл Шоовой
- Хайр гэдэг ч ёстой над шиг хуцмарт зохидоггүй новш юмаа гэж хэлээд санаа алдах нь сонсогдов. Шоовой ингэж санаа алдахыг бодоход тэр үнэнээсээ дурласан юм болов уу гэж бодогдохоор байв. Пэлжээ гуай
- Үгүй ээ, тэгээд юу нь болсонгүй вэ? Эсвэл дүү хүүг голчихов уу? гэтэл
- Ёстой хуцваа. Би гологдоно гэж юу байсан юм гэж нилээн сандруухан хэлээд
- Харин надад жаахан эвгүй санагдаад гээд хэсэг чимээгүй болов. Яг яасан юм бол гэсэн сониуч бодол бидний толгойноос гарсангүй. Тэгтэл Шоовой ухасхийн босоод
- За, за муусайн хуцмарууд хүний үг чагнах гээд л . . . Хэзээ байтлаа та нар ийм чимээгүй болчихоов гээд нэг муухан инээмсэглэснээ
- Бид хоёр үнсэлцэх гэхээр нүд таарахгүй болохоор нь би больчихлоо гээд гараад явчихлаа. Энэ үгийг биднийг инээлгэх гэж хэлсэн байх л даа. Гэхдээ бидний хэн нь ч инээж чадаагүй юм. Тэр ч байтугай нэг хэсэг чимээгүй болцгоов. Хэдийгээр маазарч марсайлддаг ч гэсэн бид гунигийг мэдэрдэг байв. Тэр гуниг бидний нүдээр дамжин ирдэг байсан юм. Хөөрхий Шоовой маань үнэн хэрэгтээ гологдсон юм билээ л дээ. Хэдийгээр Шоовойгийн дурлалын түүх ингэсхийгээд өндөрлөсөн ч гэлээ тэр цаашдаа хэн нэгэнд дурлаж, хэн нэгэн охин түүнийг хайрлах болно гэдэгт би итгэлтэй байдаг юм.
Бидний хэд хоногийн хамтын амьдрал маань өвчин илааршихын хэрээр дуусаж байлаа. Хамгийн түрүүнд манай Харнүдэн хачин гоё нүдтэй болоод гарч одов. Удалгүй Пэлжээ гуай хэдэн мялангаа харах нүдтэй болж, Чойнхор гуай хэдэн хүүхдийн заяа гомдчихоогүй юм байна гэж наминчилсаар гарцгаав. Дараа нь Соронзон хэдий нэг нүдгүй ч заяаны ханиа олсон болохоор өрөөсөн нүдэндээ баярласан гэхэд хэлсдэхгүй байх. Харин Шоовой маань жаахан сэтгэл дундуурхан байсан. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт нэг нүдээрээ ч болов хорвоог харж яваадаа баярлах өдөр ирж л таарна. Тэд маань одоо өөр өөрсдийн амьдралын түүхийг бүтээн, алиа хошин, эгэл хээгүй тэр л зангаараа хэн нэгэнд амьдралын гэрэл гэгээг ойлгуулсаар яваа гэдэгт би итгэдэг юм.
Би ганц хүний тасагт шилжин сар орчим хэвтсэн байх. Анх энд ирэхдээ айж байсан айдсыг би нэгэнт тоохоо больсон байв. Харин тэдэнтэй цуг байсан хэд хоногийг насан туршдаа мартагдахгүйгээр сэтгэлд үлдэж дээ. Тэдний дунд байх үедээ л амьдрал гэдэг эгэл жирийн хирнээ зогсолтгүйгээр үргэлжилж байдгийн шалтгаан нь ерөөс хүний сэтгэлд нь, зүрхэнд нь, өөрт нь байдаг юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн энгийн юмыг ч гэсэн ойлгох өдөр ирдэг л юм билээ. Хүн ер нь харагдаж буй бүхнээ хайрлана гэхээр хаашаа ч юм. Гэхдээ сэтгэлд хүрсэн сайхан зүйлийг хэрвээ хаа нэгтэй харах л юм бол хайрын тухай бодож л байх хэрэгтэй юм даа гэж боддог болсон юм.
Надад амьд явах утгагүй мэт санагдан сэтгэлээр унадаг үе байдаг хэдий ч зургаагийнхны дунд байж гансрахдаа гансарч, инээхдээ инээж явахдаа хүний хорвоод сэтгэлийн нар гэж байдгийг илүү тод мэдэрсэн маань энэ орчлонд хорогдох том шалтгаан болсон доо.
“Яагаад тэр зургаагийнхны тухай яриад байгаа юм бол? Нэг их сүртэй юм болоогүй л байна шүү дээ” гэж хэн нэгэн бодож магадгүй л дээ. Учир нь тэд гэрэлт хорвоод миний нүдээрээ харсан сүүлийн хүмүүс байсан юм.

No comments:

Post a Comment