Saturday, November 27, 2010

Хэлбэр дүрсгүй орчлон - Л.Хасар - Шүлэг

Хэлбэр дүрсгүй орчлонд
Хэлбэр дүрсгүй явнам
Усан хөлөөрөө чи намайг туучиж
Усан гараараа би чамайг тэмтрэн
Ууршсан уруулаараа хээтэн үнснэм
Хачир сиймхий нүдээрээ ширтэхэд
Хатан усны-мандал эрхис
Хайр чилгэртэх цастын хэрлэг
Харах нүдний дээд усан

Сөөлжүү одод мананд дарагдах шиг
Сөнөсөн горхины нурман дунд явахад
Үл таних биетүүд дөхнөм
Үдээс өмнө би танихгүй
Өвс ганхах нь бичиг үсэг мэт
Өнчин тархины хальс зулгаална
Марал бэлчих энгэрийн цохиог л
Мананд дүрээд хөглөж суунам

Тэнгэрийн мандлаар марьтой давхиж
Тэшил халилд завьтай хөвөх мэт
Барим тавим битүүлэг учралд
Байж ядатлаа би тэмүүлдэг

Friday, November 26, 2010

*** Шүлэг - /П.Майнбаяр/

Дуулсан дуу минь тэнгэрийн цуурай
Хүршгүй холд давтагдаж  мэднэ
Дурласан бүсгүй минь газрын сарнай
Харагдахгүй алсад ургаж болно

Цасхан /Э.Үржинханд/ - Өгүүллэг

-Сэтгэлийн гүнд, өрцний минь цаанатаах хайрын дунд гэрэлтэн бүжих эгдүүтэй, эрх танхил Цасхан мин. Эргэх орчлонг хиргүй цагаанаар ариусгагч, хамгаас гоёмсог энхрий зөөлхөн цас. Би өвдөг дээрээ сөхөрч суугаад тэртээх жилүүдийг дурсан алган дээрээ чамайг өргөе. Чи бол эцэг эхийн минь хайраас унасан илтэс ширхэг, энэхэн хорвоод нэгэн үндсээс соёолсон нахиахан билээ. Тийм ээ, зулай дээр чинь гишгэж цэцэглэсэн заяандаа би баярлавч баршгүй, нэгэн үндсээс салаалаад насан туршын хэлхээтэй гэж бодоход зүрх дулаацах энэ л тавилангаараа бахархаж явдаг. Улаан нялзрай ахуйд чинь гар дээрээ чамайг өргөөд, энгэртээ тэвэрч булбарай хацрыг чинь энхрийлэн үнсээд асарч суудаг сан. Хараач, үүд хаалгаар уур савсуулаад гадаа цавцайсан цас орчхож. Энэ цасанд би хичнээн их хайртай гээч. Нялхын чинь сэвлэгтэй шингэн үсийг хоёр салаа боож, өнгийн туузаар томоос том цэцэг зангидчихаад:

Tuesday, November 23, 2010

Уулын суурин

Ямбатнууд, нохойгоо эрхлүүлэгчдийн дунд
Яагаад ч би амьдарч чадахгүйгээ ойлгоод
Цэцэрхэн баясагч солиотнуудын ордонд
Цэцэг услан амьдарч сурахгүйгээ мэдээд

Аахар шаахар хогшил хэдэн номоо
Авсаархан цүнхэнд хийж үүрээд
Төмөр тачигнасан баргар хотыг орхин
Төрөл садан уулын нутагтаа би ирсэн

Алтан жүнз, мөнгөн дарс, будмал охидын
Алиныг нь ч тоож харалгүй эргэж явахад
Шар айрагны хөөс сахарсан эрин зууны
Шарталт нь хүртэл ард үлдэхийг мэдсэн

Нүүрс шатаж уурын зуухнууд аахилсан
Нүгэл үржиж, ууртай хүмүүс зандарсан
Ядуу ажилчид зоосны төлөө зүрхээ урсан
Янзын ийм хотод үхэж чадахгүйгээ ухаарсан

Уулын суурин намайг догдлон угтаж
Уранхай цамцыг минь ээж оёсон
Улаан даашинзгүй ч сарны гэрэл нэхэх
Уяхан хонгор хүүхнүүд нь хайр сэтгэлээ өгсөн

Saturday, November 20, 2010

Шүлэг уншмааргүй байна /П.Майнбаяр/

Энэ он тоололд би багтмааргүй байна
Эмнэлэгт хэвтэж сургуульд сурмааргүй байна
Ихэрхэл, ялзрал, бугшсан хүйтэн гянданд
Эрх чөлөөгөө сүүлчийн удаа хорьмооргүй байна

Тахал мэт дэгдсэн алдар хүндийн хүлээсэнд
Тархиа хэрүүлж, амьд байхдаа үхмээргүй байна
Хар малгайтны өмнө хамаг байдагаа дэлгэж
Хамгийн хайртай шүлэгээ уншмааргүй байна

Эцгийнхээ нэрийг барьсан ойворгон залуусын
Эгнээнд нэгдэж солиотой мэт аашилмааргүй байна
Эрлэгийн элч хэзээ ирэхийг мэддэг байлаа ч гэсэн
Элс шавраар хийсэн бурхдад мөргөмөөргүй байна

Friday, November 19, 2010

Цаг хугацаа


Дэргэд минь суугаад чи уйлах цаг хугацаа
Дэрний дороос шувуу нисэх цаг хугацаа
Одны
үндэс сарыг бөхлөх цаг хугацаа
Охидын хүйсэнд тэнгэр нуугдах цаг хугацаа

Бүдэгхэн жингэнэх сүмийн цонх цаг хугацаа
Бүгээн зурвас үүл торлох цаг хугацаа
Тоорын модноос цас будрах цаг хугацаа
Толгой дээр элээ эргэх цаг хугацаа

Замхарсан солонго зүүд орох цаг хугацаа
Залуу бүсгүйн шүхэр дуугарах цаг хугацаа
Шугуйн жимсийг мөндөр цохих цаг хугацаа
Шувууны нүдэнд өндөг хагарах цаг хугацаа

Модны чөлөөнд гөрөөс нарлах цаг хугацаа
Морины хөлөөр гишүү хугарах цаг хугацаа
Анир чимээгүй холдож одох цаг хугацаа
Ахиад л наашаа ойртож ирэх цаг хугацаа

Хадны завсраам будан үнэртэх цаг хугацаа
Хаврын нарнаас бухал үүсэх цаг хугацаа
Хавирган сарыг өөрөөр нэрлэх цаг хугацаа
Хатсан навчнаас өөрийгөө сэрээх цаг хугацаа

Гүн харанхуйд бороо цайрах цаг хугацаа
Гүүрэн дээрээс бодол  үсрэх цаг хугацаа
Хаа сайгүй манай үсрэх цаг хугацаа
Харсаар байтал алга болох цаг хугацаа


Өөр шүлэг унших

Wednesday, November 17, 2010

Юу ч бичээгүй, юу ч бичихгүй /П.Майнбаяр/

Амьдралыг зохиогч сүнсүүд:
Бид байхгүй, бид байхгүй
Ариун судрын хуудсанд:
Юу ч бичээгүй, юу ч бичихгүй

Үнсний сав бол тулам
Хэзээч дүүрэхгүй
Үхлийн алдар бол мөнх
Хэзээ ч арилахгүй

Үс цайж, хуруу хөрсөн ч
Би өөрийгөө танихгүй
Үнэндээ энэ хорвоод
Юу ч болоогүй, юу ч болохгүй

Monday, November 15, 2010

Ганц чемондантай бүсгүй /Пүрэвжалын Майнбаяр/

Галт тэрэг таван хором зогсоод хөдлөхөд
Ганц чемодантай бүсгүй буудал дээр торойн үлдэх шиг
Гаргаж боломжгүй гуниг зүрхэн тушаа тээглэж
Гандсан улаан алчуур намрын салхинд дэрвэнэ

Төмөр зам алсын алс зурайж одоод
Түчигнэн тачигнах аяны харгуйд хүмүүс уусаад
Жирэлзэн өнгөрөх үзэгдэл юмсыг дурсаж явахад
Жинхэнэ хайр дэргэд байдаггүй ойлгоод...

Wednesday, November 10, 2010

ХАРИУ ХYСЭЭГYЙ ЗАХИДАЛ

Би энэ захидлын хариуг ирээсэй гэж хvсэхгvй байна. Тэгэх тусмаа ажлын тухай чамайг дахин бvv дурсаасай гэж гуйя. Магадгvй чи энэ захиаг хvлээж аваад надаас уучлал гуйхаар санагдах ч юм билvv. Магадгvй чамд би ухаантай, эсхvл бvр тэнэг ч юм шиг бодогдож болно. Ямар ч байлаа гэсэн чиний амнаас тэр тухай дахин сонсохыг л би хvсэхгvй байна. Чамд энэ бvхэн минь тун арчаагvй бєгєєд бvсгvй хvний аргаа барсан гуйлт юмуу, эсхvл єєрийгєє эрхэмлэн ємгєєлєх гэсэн арга саам шиг л санагдаж болно. Ямраар ч санагдлаа гэсэн намайг уучлах хэрэггvй. Бvсгvй хvн гэхэд миний энэ бичиж байгаа бvхэн хатуу хариг болж таашаал энхрийллийн vнэр амт алдсан байж болно. Эрхэм нєхєр минь vvнийхээ тєлєє чамаас биш гэргийгээс чинь уучлал гуйхад би бэлэн байхсан.

Friday, November 5, 2010

Миний мэдээ шинэчлэгдлээ

Таны сонирхолд нийцсэн мэдээллийг хүргэхийг зорьдог миний мэдээ шинэчлэгдлээ.Та сонирхолоо тохируулан өөрийн сонирхолдоо нийцсэн мэдээллийг хүлээн аваарай.

Өөрийн сонирхолдоо нийцсэн мэдээлэл авах амархан. Та 3 минутанд бүртгүүлэн өөрийн сонирхолоо тохируулна. Эсвэд Та өөрийн facebook, Twitter ийн бүртгэлээ ашиглан Mixx.mn д нэвтрэн орох боломжтой.

www.mixx.mn/mymixx

Wednesday, November 3, 2010

Б.Эрдэнэсолонго - Чи

Чамаас өөр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагүй
Чамаас өөр хэнийг ч би
Тийм удаанаар хүлээж байгаагүй
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй
Өөр хэнийг ч би
Чам шиг харамлаж байгаагүй
Өөр хэнд ч
Чам шиг дурлаж байгаагүй

Ус шиг, цас шиг, мөс шиг, гал шиг, салхи шиг
Чи минь

Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгүүргүй
Хамгаас зовиуртай
Хамгаас бүдүүлэг, гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь.
Би чамайг тэвчиж чаддаггүй
Би чамайг тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггүй.
Сайхнаас сайхан, муугаас муу болон хувирдаг чи
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг
Хэн ч намайг чам шиг галзууруулаагүй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулаагүй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй
Хэн ч над руу чам шиг ирээгүй.
Өөр хэний ч биш чиний дэргэд би
Өөрөөрөө байж чаддаг.

Ус шиг, цас шиг, мөс шиг, гал шиг, салхи шиг
Чи минь