...Диваажин гэж хаана байдгийг, диваажинд юу байдгийг би мэдэхгүй. Диваажинд очиж үзээд буцаж ирээд бидэнд энэ тухай хүүрнэсэн хүн байхгүй болохоор бид ч бас мэдэхгүй. Гэхдээ хүн болгон сайн сайхан бүхнээ диваажинтай зүйрлэдэг болохоор, сайн сайхан бүхнээ сэтгэлдээ ургуулан, нэгийг төсөөлдөг байх. Харин би диваажинг сэтгэлдээ төсөөлж байсангүй.
...Буурал түүхийн тоосыг нуруун дээрээ тогтоож, будан суусан үүлсийн чийгийг түүндээ шингээж, өдөр сарын түүчээн эвхээсэнд, өтөлж өвгөрч яваа өндөр хөх уулсын оройд гарч суух би дуртай.
Тэртээх алсыг хараачлан ширтэхүйеэ тал дүүрэн билчих мал сүрэг, танан цагаан гэрийн яндангаар сүүмэлзэн намирах цэнхэр утаа, хэн нэгний чимээ өгөх айзамлаг аялгуу, хэсэг бусаг цагаахан үүлс... Тэр л өндөрлөг дээр суух над руу урсан урсах цэнгэг амтлаг агаар, цээж дүүргэн тархи руу урсахуйяа, бодол чилээж алсын алсад хөтлөн одно. Хараа сунгах холын тэртээд тэнүүчлэх элдэв бодлууд монгол хүнийг уужуу тайван, саруул ухаанд сургадаг гэнэм.
Аяа энэ бүхнийг би диваажинд үзэж чадна гэж үү?
...Уудам тал нутгаар мяралзан, тунаран, мушгиралдан урсах цэнгэг уст гол мөрний урсгалыг ширтэн суух дуртай би. Ёроолд нь өөрийн өнгө үзэмжээр тунаран харагдах чулууны өнгийг, түүн дээгүүр жирэлзэн урсах урсгалтай нь хамтад ширтэхүйеэ ядаргаа арилж сэтгэл сэтгэл цэлмэдэг гэнэм. Тархинд минь эргэлдэн эргэлдэх олон бодлуудыг гүйцэж, хөөцөлдөн наадах мэт урсгал усны долгион, сэтгэл дэх уйтгар гунигийг элдэж хөөн, нэг л мэдэх дор тайтгарлыг авчирна. Урсгал усны ёроолд нь тунаран харагдах олон өнгийн чулууд цаг хугацааны тасралтгүй урсгалын, элээх жамыг надад амар тайвнаар хүүрнэх мэт.
Аяа энэ бүхнийг би диваажинд харж чадна гэж үү?
...Хаяаг нь шуусан монгол гэрийн хойморт , авдар налан суухдаа амар амгаланг мэдэрдэг.Энэ гэрт унтахдаа хэзээ ч хар даран зүүдлэлгүй амарч, өглөө эрт шувуудын жиргээг сонсон сэрэхдээ, тооноор цэнхэртэн харагдах тэнгэрийг харан баясна. Өглөөд сэрэхдээ хөх тэнгэрийг заавал харж бай хэмээн Монгол гэрт цонх бус тооно байдаг байх. Өөдрөг сайхан бодолдоо ямагт баясч байх гэж зөвхөн монголчууд гэрт төрж, гэрт амьдардаг байх. Дуртай цагтаа хүссэн газраа нутаглаж бай, дуулсан дуу тань тэнгэрт хүрч, дугуй ханаар ертөнцийн хугацааг хэмжиж бай гэж бидэнд монгол гэрийг өвлүүлсэн байх. Сэтгэлийн цагаанаар бусдыг даллаж бай хэмээн танан өнгөөр бүрж, итгэлийн сайхнаар бусдад хандаж бай хэмээн эсгий үүд өргүүлж, амар амгаланг ерөөж бай хэмээн таван ханаар шийрлэсэн байх.
Аяа би диваажинд ийм өргөөнд морилж чадах бил үү?
...Онгон байгалийг захирч бус зохицож амьдар хэмээн бидэнд нүүдэлчин амьдрал. ёс заншлыг өвлүүлсэн гэдэг. Өглөө бүр наран ургах зүгт цайныхаа дээжийг өргөж, үдэш бүр наран жаргах зүгт саравчлан тэнгэрийг шинжиж, өндөрлөг газарт овоо босгон байгалаа аргадаж, өтөл буурлаа ээвэр газарт нутаглуулан тэнгэрт илгээдэг өөр нэгэн үндэстэн бий гэж үү? Цагийн хатууг харааж зүхэлгүй сөрж даван, цас зудны гарзыг " байгалийн шалгарал" гэж зөвшөөрч, дэлгэр зуны цагт жаргаж суухдаа " байгалийн хишиг" гэж залбирч суудаг ард түмэн. Нүүхдээ хүртэл бууриа цэвэрлэн ариутгаж, уухдаа хүртэл рашаан бүрийг духандаа хүргэн адислаж, буухдаа хүртэл бууриа арц уугиулан ивээл хүсдэг монгол үндэстэн. Усанд бохир оруулахгүй, цусанд хольц суулгахгүй, ухаанд мунхаг нэмэрлэхгүй монгол заншил.
Аяа энэ бүхнийг би диваажинд мэдэрч чадна гэж үү?
...Энэ ертөнцөд өөрөө уйлж ирээд, өрөөл бусдыг уйлуулж буцах тавиландаа өнгө мөнгийг бус, хүн чанарыг эрхэмлэж явсан монгол ухаан. Ахмад хүний тохойг дэмнэн хүндэлж, ач болсон хүндээ хадаг барин золгож, аав ээжийгээ насан туршид нь ачлан асардаг монгол заншил. Өөрийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ төлөө л амьдарч, алт мөнгөөр гоёх хэдий ч амар тайван амьдралыг илүүд үздэг, морин дэл дээр исгэрч явахыгаа хийморь хэмээн итгэж, бусдад тус болохыгоо "буян" гэж нэрлэдэг монгол түмэн. "Гэнэт цадах гэдсэнд цөвтэй, гэнэт баяжих насанд цөвтэй", "Хүлгийнхээ хэрээр исгэрч, хөнжлийнхээ хэрээр хөлөө жий", "Эрхэм баялаг эрдэм ухаан, адаг баян эд хөрөнгө" гэж сургадаг монгол сургаал. Учиргүй шүлэнгэтэж, утгагүй шунаж, ухаангүй тэнэгтдэггүй монголчууд нэгэн цагт дэлхийг захирч, бас сөхрүүлж явсан.
Ийм их ухаан, итгэл найдварыг би диваажинд харуулж чадна гэж үү?
Энэ ч үнэн шүү.Гайхалтай сайхан шүлэг байна.танд амжилт хүсье
ReplyDelete