Sunday, December 5, 2010

Хөөсөөр бичсэн үгс /П.Майнбаяр/

Үүр цайх, шөнө болох ч ялгаагүй санагдаад...
Үхэл үзэх, амьдрал зохиох ч адил бодогдоод...
Одон зурхай, мэрэг төлгөнд сатаарч гүйцээд...
Онгон шүтээн, зайран бөөд ч итгэл алдраад...
Үнэнийг хайж голын хөвөөнд очвол
Үүлс усанд ороод хөөсөөр бичсэн үгс
;

Чиний зовлон гэж бодсон бүх юм
Чимээгүй гүнд очих хий хоосон цуурай...
Чиний жаргал гэж санасан бүх юм
Дөнгөж сая өмнөөс чинь дэгдсэн туулай


Сая сая жил ертөнцийн салхи бургиж
Сар, нар, ердийн юм шиг л солигдож
Навч, цэцэг намрын эхээр хагдарч
Чам шиг хүн энд өчнөөн олон ирсээн...
Одоо чамд уулнаас асгарах жимсний шүүсийг
Алгандаа тосоод хүмүүст амсуулах л үлдлээ
Овоохойгоо бариад, миний эрэгт гуниглан
Тэнгэрийн санааг газарт зуртугай, гэсэн байлаа

No comments:

Post a Comment