Ямбатнууд, нохойгоо эрхлүүлэгчдийн дунд
Яагаад ч би амьдарч чадахгүйгээ ойлгоод
Цэцэрхэн баясагч солиотнуудын ордонд
Цэцэг услан амьдарч сурахгүйгээ мэдээд
Аахар шаахар хогшил хэдэн номоо
Авсаархан цүнхэнд хийж үүрээд
Төмөр тачигнасан баргар хотыг орхин
Төрөл садан уулын нутагтаа би ирсэн
Алтан жүнз, мөнгөн дарс, будмал охидын
Алиныг нь ч тоож харалгүй эргэж явахад
Шар айрагны хөөс сахарсан эрин зууны
Шарталт нь хүртэл ард үлдэхийг мэдсэн
Нүүрс шатаж уурын зуухнууд аахилсан
Нүгэл үржиж, ууртай хүмүүс зандарсан
Ядуу ажилчид зоосны төлөө зүрхээ урсан
Янзын ийм хотод үхэж чадахгүйгээ ухаарсан
Уулын суурин намайг догдлон угтаж
Уранхай цамцыг минь ээж оёсон
Улаан даашинзгүй ч сарны гэрэл нэхэх
Уяхан хонгор хүүхнүүд нь хайр сэтгэлээ өгсөн
No comments:
Post a Comment