-Сэтгэлийн гүнд, өрцний минь цаанатаах хайрын дунд гэрэлтэн бүжих эгдүүтэй, эрх танхил Цасхан мин. Эргэх орчлонг хиргүй цагаанаар ариусгагч, хамгаас гоёмсог энхрий зөөлхөн цас. Би өвдөг дээрээ сөхөрч суугаад тэртээх жилүүдийг дурсан алган дээрээ чамайг өргөе. Чи бол эцэг эхийн минь хайраас унасан илтэс ширхэг, энэхэн хорвоод нэгэн үндсээс соёолсон нахиахан билээ. Тийм ээ, зулай дээр чинь гишгэж цэцэглэсэн заяандаа би баярлавч баршгүй, нэгэн үндсээс салаалаад насан туршын хэлхээтэй гэж бодоход зүрх дулаацах энэ л тавилангаараа бахархаж явдаг. Улаан нялзрай ахуйд чинь гар дээрээ чамайг өргөөд, энгэртээ тэвэрч булбарай хацрыг чинь энхрийлэн үнсээд асарч суудаг сан. Хараач, үүд хаалгаар уур савсуулаад гадаа цавцайсан цас орчхож. Энэ цасанд би хичнээн их хайртай гээч. Нялхын чинь сэвлэгтэй шингэн үсийг хоёр салаа боож, өнгийн туузаар томоос том цэцэг зангидчихаад:
-Миний Цасхан чинь охин байсан бол яг л үлгэрийн гүнж гэсэн үг гэж ирээд л дотроо өхөөрддөгсөн. Цаг хугацаа гэдэг хачин хурдан юм даа. Чамайг Цасан ширхэг болж орчлонд унасан тэр мөчөөс хойш даруй арван зургаан жил улирчихжээ. Хэдий завандаа энэ вэ. Урд шөнөжин бүжиглэн дэвхцсэн цас зүрхний минь цонхыг цанатуулаад хүйтэн жавраар үлээж байна. Хүйтэн жавар тасхийж, хацар нүүрийг минь хайр найргүй шахуурдан ороолгоно. Тэртээх жилүүдийн өмнөхийг сөхөн дурсахуйд хөлд орох гээд унаж босож, мөлхөж, хөглөж явахдаа тэр хөөрхөн жижиг гараа сарвайгаад магнайд минь наран туяартал ход ход инээгээд намайг дагаж гүйдэгсэн. Будран бударсаар орчлонг нөмөрдөг цасаа гэж, сэтгэлд минь үргэлжийн ариун цагаахан чамайгаа би хаана ч явсан хайрлана. Гэхдээ жилээс жилд чи минь өөрчлөгдсөөр, нэг мэдэхнээ бүр яасан ондоо болоо вэ. Он цаг улирах тусам өмөлзөн бухимдах чинь олшроод, өөрийгөө өмөөрсөндөө хайрах жавраар сэтгэлийг жиндээж, сүүлдээ бүр үгийн хурц өргөсөөр зүрх рүү минь шидлэн хатгах болов. Өвс ногоо, цэцэг навчгүйгээр харлах хахир хоосон өвлийг үнэндээ чи л чимж бээрсэн бүхний нүднээ гэрэл цацраан тайтгаруулдаг. Гэхдээ өвөл дуусахад энэ бүхэн худлаа юм шүү дээ. Цагаанаас цагаан, ариухан гоёмсог гэж ирээд л амтай бүхэн чамайг баясан шагшиж, үгийн сайхнаар өхөөрдөн магтдаг ч гэлээ чин үнэнийг гагцхүү би л мэдсэн болохоор одоо чиний тухай магтаал сонсоод баясахаа больсон. Цас цасаараа үлддэггүйн гашуун үнэнийг би ухаарсан. Эрх танхил бүжиглэж, эргэлдэн буухдаа гэнэн томоогүй цасан ширхэг толбын төдий хиргүй ирлээ ч төдөлгүй хайлан урсаж нүгэлт орчлонгийн тоос шороотой хутгалдаад шавар балчиг болон урсдаг юм. Сэтгэл минь шимширч байна.
-Наад гутлаа сайн арчаач ээ гэж хэн нэгний хөмсгөө атируулан зандрахтай зэрэгцээд хөөрхий Цасхан минь үүн шиг балчиг шавхай болж, амьтан хүний ад болчих вий гэхдээ цасыг цас хэвээр нь авч үлдэх гэсэн миний гэнэн тэнэглэл. Угаасаа сав л хийвэл хар бараанаар нөмрөн авдаг хатуу бэрх рүү Цасхан чамайг хэлтгий гишгих вий, хиртчих вий, хайлчих вий гэж эмзэглэхдээ:
-Орой үдшийн цагаар эртхэн харихад яадаг юм бэ? гээд л, эсвэл заримдаа:
-Наад нүүр гараа угаа, залхуурахаа болиоч гэм. Үгүй, сэлгүүцэж явахаар хичээлээ давтахад яадаг юм бэ дээ? гээд л урьдын адил сургааль айлдаж байтал харин энэ удаад:
-Дуугүй байгаач гэм, яршигтай юм зүгээр! Өөрөө хүүхэдтэй болохоороо л тэрэндээ зааж сургахгүй юу...! гээд л сүнс зайлам бүдүүн дуугаар хүнгэнүүлэх нь тэр. Тархин дундуур тасхийтэл буулгаад авах шиг.
Саяхан л хэлд орох гээд шингэн дуугаар шулганан эрхэлж явсан тэр энхрий балчирхан жаал нэгэнт байхгүй болсныг ухаарлаа.
Эгдүүтэй энхрийхэн Цасхан минь дээ, хайрласаар харамласаар л байхад хайлаад хаашаа урсчих нь энэ вэ. Түүний эргэлдсэн харцнаас алдхан биеэ алдаа дутагталтайгаа тэр чигээр нь хаацайлж, хилэгнэсэндээ дүрэлзсэн уур савсаж байхыг хараад би зогтусав.
-Биш ээ, биш байна, энэ чинь миний өхөөрдөм хөөрхөн Цасхан яавч биш! Цээжний минь далдаас гомдол зангиран огшоод зүрхэн дундуур зүсэн цойлсоор өөрийн эрхгүй нулимсан дусал нүд бүрхээд ирлээ. Үүрнээсээ нисэх даль жигүүргүйдээ биш дээ, үндэс нэгтэй нахиагаа цэцэг болтол нь тордож, ивээх гэсэндээ өдий хүртэл чиний дэргэд хоргодсон юм шүү, Цасхан минь. Ертөнцийн хар бараанаас халхлах гэсэн тэр л тэнэглэлдээ хөтлөгдөөд чамайг зэмлэж өөрийн эрхгүй үглэж зовоодог занг минь чадвал хэлтрүүлээрэй. Цаг хугацааны өөр нэгэн хэлхээнд би ч гэсэн гунигийн хээгүй цагаахан цас байсан билээ. Даанч, хэзээ ч намайг алган дээрээ энхрийлж, алив бүдэрчих вий гээд дэлбээ юугаараа шүхэрлэн халхлах ууган цэцэг зулай дээр минь гишгэж ургаагүй юм л даа.
-Хараач. нар дээр хөөрчхөж. Урд шөнийн гэнэн омголон цас хайлмагтаад орчлонгийн нүгэлтэй холилдож усан шавхай тариад эхэлж байгааг нь ээ. -Томоогүй Цасхан минь, чамайг зүрхнийхээ гүн дэх хайрын ертөнцдөө нандигнаж үлдээе. Цасхан байхаа болилоо ч чамайгаа би сэтгэлийнхээ гүнд тэр л хэвээр нь хайрлах болно.
Харин надад өсөж торнисон үүрээ орхиод, холхи алсыг зорьж, хорвоогийн жамыг дагах цаг нэгэнт ирж дээ.
Сэтгэлийн гэрэлтэй дурсамжаараа чимэглэж
Сэрүүн салхин доор санаашран явахуйд
Өчнөөн жил ганцаар сажилснаа эргээд харахнээ
Үлдсэн мөр минь цаанаа л гэгээн санагдлаа
Өлгийндөө нялхраад уйлж байсан чамдаа
Өдий хүртэл далавчаа дэлгэлгүй хоргодсон юм
Өд сөдөө дэлгээд нисдэг болжээ чи минь
Өнгөт орчлонд одоо дураар жиргэ дээ чи минь
“Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр номоос
No comments:
Post a Comment