Saturday, November 20, 2010

Шүлэг уншмааргүй байна /П.Майнбаяр/

Энэ он тоололд би багтмааргүй байна
Эмнэлэгт хэвтэж сургуульд сурмааргүй байна
Ихэрхэл, ялзрал, бугшсан хүйтэн гянданд
Эрх чөлөөгөө сүүлчийн удаа хорьмооргүй байна

Тахал мэт дэгдсэн алдар хүндийн хүлээсэнд
Тархиа хэрүүлж, амьд байхдаа үхмээргүй байна
Хар малгайтны өмнө хамаг байдагаа дэлгэж
Хамгийн хайртай шүлэгээ уншмааргүй байна

Эцгийнхээ нэрийг барьсан ойворгон залуусын
Эгнээнд нэгдэж солиотой мэт аашилмааргүй байна
Эрлэгийн элч хэзээ ирэхийг мэддэг байлаа ч гэсэн
Элс шавраар хийсэн бурхдад мөргөмөөргүй байна



Морьдын туурай тачигнасан Монголын их талд
Харийн хэлээр ама мэндээ асуумааргүй байна
Моддын навч уйлалдсан намрын уйтай үдшээр
Гоёмсог дарсны тухай шүлэг бичмээргүй байна

Хамба хилэн хөшигний цаана найруулж бэлдсэн
Харгис жүжгийн туслах дүрд тогломооргүй байна
Хаа хол, аглаг буйдын нутагтаа тайван суугаад
Хаврын яргуй хүлээж өнө удаан амьдармаар байна

Бусад Шүлэг

No comments:

Post a Comment